Уул уурхай, газрын тосны салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 2020 оны байдлаар 872 тусгай зөвшөөрөл эзэмшигч эцсийн өмчлөгчийн мэдээллээ ил тод болгоод байна.
Ашиг хүртэгч жинхэнэ эзний мэдээллийг ОҮИТБС-д нэгдсэн компаниуд хувь хүнээр болон аж ахуйн нэгжээр гэсэн хоёр янзаар жил бүр ил тод болгодог. Хувь хүнээр тайлагнасныг харвал 687 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цаад ашиг хүртэгч эзэн нь 916 хувь хүн байна. Эдгээр нь дэлхийн 21 улсад харъяалалтай байгаагийн 82.4 хувь нь Монголд бүртгэлтэй компаниуд юм.
Харин аж ахуйн нэгжээр тайлагнасан мэдээлэлд нийт 185 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашиг хүртэгч эцсийн өмчлөгчдийн тоо 199 байна. Эдгээрийн 68.6 хувь нь Монголд, 10 орчим хувь нь оффшорын арлын орнуудад бүртгэлтэй байгаа нь сонирхолтой аж.
Монгол Улс ОҮИТБС-ын хүрээнд анх 2013 онд эцсийн өмчлөгчдийн мэдээллийг ил болгож эхэлсэн түүхтэй. Тухайн үед сайн дурын үндсэн дээр ил тод болгосон анхны тайлагналаар 214 хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч шилэн болж байсан юм. Харин 2020 оны нэгтгэл тайлангаар уг үзүүлэлт 3.2 дахин өсчээ.
Доорх дүрслэлд ашигласан цэвэрлэсэн нээлттэй өгөгдлийг эндээс татаж авна уу.
Ашиг хүртэгч жинхэнэ эздээ ил тод болгосон компаниуд орон нутагт цугласан төлбөр хураамжийн 50 орчим хувь буюу 38.4 тэрбум, улсад төвлөрүүлсэн орлогын урсгалын ердөө 21 хувь буюу 881.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл, олборлох салбараас улс, орон нутгийн төсөв, эдийн засагт бий болж буй мөнгөн хөрөнгийн дийлэнх нь эцсийн өмчлөгч нь ил тод биш аж ахуйн нэгжүүдэд хамаарч байна.
Дэлхийн улс орнууд асар их мөнгө эргэлддэг уул уурхайн салбарын авлигын эрсдэл, далд хуйвалдаанаас зайлсхийхийн тулд эцсийн өмчлөгчдийг бүртгэж, хэн нь хэн бэ гэдгийг тодорхойлох практикийг нэвтрүүлжээ. Үүний нэг нь ОҮИТБС-ын цахим тайлангийн системээр хүлээж авдаг эцсийн өмчлөгчдийн мэдээлэл юм. Ингэснээр тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчид, өмчлөгчдийн нэр олон нийтэд нээлттэйгээр цахим орчинд байршиж байна. Ийм мэдээллийн сангуудыг үр дүнтэй ашигласнаар компаниуд татвараас зайлсхийх, мөнгө угаах, хууль бус үйл ажиллагааг санхүүжүүлэхийн тулд санхүүгийн далд схем, өмчлөлийн ярвигтай бүтцийг бий болгох эрсдлийг хязгаарлах ач холбогдолтой байдаг. Энэ талаар Ил тод байдлыг дэмжих замаар авлигыг бууруулах санаачилгаас бэлтгэсэн “Монгол Улсад эцсийн өмчлөгчийн ил тод байдлыг дэмжих нь: Хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх экосистем” нийтлэлд онцолжээ.
Ил тод байдал бүрэн хангагдсан орчинд эрх баригчид ямар нэг явцуу эрх ашигт хөтлөгдөж, хувийн хэвшлийн сонирхолд нийцсэн шийдвэр гаргаж өгснийхөө төлөө авлига авах боломж байдаггүй аж. Энэ ч үүднээс эдийн засгийн суурь салбарын хувьд, мөн орон нутгийн уугуул иргэдийн амьдрах орчинд шууд болон шууд бус нөлөөтэй уул уурхайн компаниудын эцсийн өмчлөгчийг ил тод, нээлттэй болгох нь чухал ач холбогдолтой. Тийм учраас Монголын ОҮИТБС сүүлийн 10 орчим жил эцсийн өмчлөгчдийн мэдээллийг нээлттэй болгоход тодорхой ахиц дэвшил гаргаад байна. Одоогоор Монголын ОҮИТБС-ын хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллийн санд найман жилийн өгөгдөл цуглаад байна.
Монголын ОҮИТБС нь 2013 оноос тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчийг бүртгэж эхэлсэн бол 2016 оноос ОҮИТБС-ын стандарт өргөжин, энэ чиглэлээр мэдээллийн санг үүсгэж, 2020 он гэхэд бүрэн ил тод болгох замын зургийг 2017 онд баталсан байдаг.
Гэсэн хэдий ч эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хангах одоогийн практик бие даасан хуульгүй явж буйгаас 2020 он гэхэд эцсийн өмчлөгчдийг ил болгоно гэсэн зорилго хараахан биелээгүйг хаа хаанаа анхаарах хэрэгтэй байна.
Ялангуяа улс төрд нөлөө бүхий этгээдийн талаарх ойлголтыг илүү тодорхой болгох, мэдээллийг ил болгох, мэдээлэл цуглуулах солилцох механизмыг сайжруулах, төрийн байгууллагуудыг чадавхжуулах гээд олон ажлыг хийх шаардлага бий. 2020 оны байдлаар ил болсон 916 тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчдөөс ердөө нэг хүрэхгүй хувь нь улс төрд нөлөө бүхий этгээд байгаа юм.
Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчийг ил тод болгох чармайлт нь эцсийн дүндээ улс орны хөгжлийн тушааг тайлах чухал ажил юм. Эцсийн өмчлөгчдийг ил болгож, олон нийтийн хараа хяналтыг сайжруулснаар улс орны хэмжээнд олборлох салбараас бүрдүүлэх орлого нэмэгдэж, эдийн засаг, нийгэм, хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжтой. Энэ нь олон жилийн турш шийдэгдээгүй ирсэн ядуурал, ажилгүйдлийг бууруулахад томоохон хувь нэмэр оруулж, Монгол Улсыг хөгжүүлэхэд саад болж буй сөрөг хүчин зүйлсийг арилгахад чухал хөшүүрэг болно. Одоогоор хуулийн этгээдийн ашиг хүртэгч эцсийн өмчлөгчийг ил тод болгох ажил Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийн тууштай бөгөөд идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд уул уурхайн салбарт л урагштай явж байна.