ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2017 оны 114 дүгээр тогтоолоор батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах” зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор төр болон төрийн бус байгууллагууд 2019 оны 12 дугаар сарын 17-нд хамтран хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Уг хэлэлцүүлгийг Авлигатай тэмцэх газар болон Нээлттэй Нийгэм Форум, Транспарэнси Интернэшнл Монгол, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн, Хууль тогтоомж бодлого судалгааны төв ТББ-ууд хамтран зохион байгуулсан бөгөөд уг хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар, Сангийн яам зэрэг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцсан төрийн байгууллагуудын төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгээр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах” зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр цаашид авах арга хэмжээг тодорхойлон дараах зөвлөмж гаргасныг уншигч Танд хүргэж байна. 

НЭГ. ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ ХҮРЭЭНД
ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР: ОҮИТБС-ын Стандартын 2.5(b)-д зааснаар 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр гэхэд хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг бүртгэж, ил тод болгох үүргийг олборлох салбарын нийт хуулийн этгээдэд өгсөн байх; мөн мэдээллийг бүртгэж, олон нийтэд ил тод болгох ажлын төлөвлөгөө боловсруулан олон нийтэд ил болгох хугацааг ОҮИТБС-ын Ажлын албанд мэдэгдэх шаардлагатай. 

ЗӨВЛӨМЖ 1.
Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан “эцсийн өмчлөгч”- ийн тодорхойлолтыг тодруулж, хуулийн этгээдийн хөрөнгийн “дийлэнх” хэсгийг өмчилж байгаа гэснийг хэрхэн ойлгож хэрэглэхийг тодорхой болгох. Ингэхдээ олборлох салбарт эцсийн өмчлөгчийг тодорхойлоход баримтлах хөрөнгө хувь эзэмшлийн “доод хэмжээ”-г олон улсын жишигт нийцүүлэн тогтоох. 

НӨХЦӨЛ БАЙДАЛ:
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эцсийн өмчлөгчийг тодорхойлох, бүртгэхэд гол удирдлага болгож буй Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.а-д зааснаар эцсийн өмчлөгч гэдгийг “...хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн ХӨРӨНГИЙН ДИЙЛЭНХ ХЭСГИЙГ дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа .......хүнийг” ойлгохоор тодорхойлсон нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар, татварын байгууллага нэг мөр ойлгож эцсийн өмчлөгчийг бүртгэх үйл ажиллагааг явуулахад хүндрэл учруулж байна. Тухайлбал, хувьцаа эзэмшигч тус бүр тэнцүү хэмжээтэй хувь эзэмших тохиолдолд хэнийг нь эцсийн өмчлөгч гэж үзэх нь ойлгомжгүй байгаа юм. Хэдийгээр “дийлэнх хэсэг” гэдгийг “нийт хувьцааны 33 ХУВИЙГ шууд болон шууд бус хэлбэрээр өмчилж” байгаа нөхцөл байдлыг ойлгохоор Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны А-293 дугаар тушаалаар батлагдсан “Мөнгө угаах, терроризмыг болон үйл олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх банкны үйл ажиллагаанд Монголбанкнаас газар дээрх хяналт, шалгалт хийх журам”- д заасан боловч энэхүү журам нь зөвхөн банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, түүний хяналт шалгалтад хамаарахаар байна. Өөрөөр хэлбэл, төрийн бусад байгууллагаас хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг тодорхойлон бүртгэх үйл ажиллагаанд нийтлэг хэрэглэх эрх зүйн үндэс бүрдээгүй гэж үзэж болно. Нөгөө талаар, нийт хувьцааны 33 хувийг шалгуур болгон үзэх нь олборлох салбарт эцсийн өмчлөгчийг тодорхойлохтой холбоотой олон улсын жишгээс хэт өндөр хувь юм. 

ЗӨВЛӨМЖ 2.
Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Цөмийн энергийн тухай хууль тогтоомжуудыг уялдуулах. 

НӨХЦӨЛ БАЙДАЛ: 
Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.48-д “эцсийн эзэмшигч”, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.26-д “бенефициар өмчлөгч” гэсэн нэр томьёо, тодорхойлолт тусгагдсан нь Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нийцэхгүй буюу хуулийг нэг мөр ойлгон хэрэглэхэд бэрхшээлтэй байна. Тэрчлэн газрын тосны эрлийн болон бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн бүртгэл, ил тод байдлын эрх зүйн орчин огт бүрдээгүй. 

ЗӨВЛӨМЖ 3.
Ашигт малтмал, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, хугацаа сунгах тухай шийдвэр гаргахад эцсийн өмчлөгчийн мэдээллийг авах зохицуулалт бий болгох.

НӨХЦӨЛ БАЙДАЛ:
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөлд хавсаргах Хуулийн этгээдийн тодорхойлолт буюу Маягт К-04, Маягт К-02-ын дагуу хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн нэр, хувь эзэмшлийн хэмжээг авч байгаа нь хуулийн этгээдийн “эцсийн өмчлөгч”- ийг хуульд заасны дагуу хувь хүнийг хүртэлх түвшинд тодорхойлж чадахгүй байна. Түүнчлэн дээрх маягтад дурдсан “эцсийн шийдвэр гаргах эрх бүхий этгээд” гэдэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн шууд эзэмшигч буюу хувьцаа эзэмшигч хувь хүн эсхүл хуулийн этгээд ч байж болох ба энд гүйцэтгэх удирдлагын мэдээллийг гаргаж өгөхөөр байгааг шийдвэр гаргах, удирдан чиглүүлэх эрх бүхий эцсийн өмчлөгчийн мэдээлэл гэж үзэх боломжгүй.

ЗӨВЛӨМЖ 4.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эцсийн өмчлөгчийн мэдээлэлд хуулийн этгээдийн өмчлөлийн бүтцийн зураглалыг гаргуулан авах замаар мэдээллийн үнэн зөв байдлыг магадлан баталгаажуулах боломжийг бүрдүүлэх. 

ЗӨВЛӨМЖ 5.
Эцсийн өмчлөгчийн мэдээллийг магадлан баталгаажуулах үйл явцыг журамлах. Ингэхдээ холбогдох төрийн байгууллагуудын авч байгаа мэдээллийн бүрдлийг олон улсын жишиг стандартад нийцүүлэх.

НӨХЦӨЛ БАЙДАЛ: 
Одоогийн байдлаар эцсийн өмчлөгчийн бүртгэл хөтөлж буй төрийн байгууллагуудад мэдээлэл авах маягт нь PDF хэлбэртэй байгаа нь эцсийн өмчлөгчийг компанийн хэлхээ холбоогоор хөөж тодорхойлох, баталгаажуулах боломжийг хязгаарлаж, зөвхөн толгой компанийн мэдээллээр тодорхойлоход хүргэж байна. Түүнчлэн мэдээллийг програмд гараар шивж оруулдаг нь техникийн алдаа гарах эрсдэлтэй ба дээрх төрийн байгууллагуудын авч байгаа мэдээллийн бүрдэл нэг мөр болоогүй, харилцан мэдээлэл солилцдоггүйгээс тулган шалгах боломжгүй байна.

ЗӨВЛӨМЖ 6. 
Эцсийн өмчлөгчийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэх, хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангаж, хариуцах төрийн байгууллагыг тодорхой болгох. 

ЗӨВЛӨМЖ 7.
Олборлох салбарт авлигын эрсдэл, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах, сэргийлэх чиглэлээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг боловсронгуй болгох. Үүний дотор хуульд заасан улс төрд нөлөө бүхий этгээдийн тодорхойлолт, Хөрөнгө, орлого, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг гаргах үүрэг бүхий албан тушаалтны жагсаалтыг олон улсын жишигт нийцүүлж шинэчлэх. Үүнд:
- Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын албан хаагч болон төрийн бусад холбогдох байгууллага, өндөр албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий хуулийн этгээд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмших, уул уурхайн компанид хөрөнгө, хувь эзэмших, давхар ажил эрхлэх, зөвлөх болон бусад үйлчилгээ үзүүлэхийг хориглох зохицуулалт бий болгож, энэхүү хязгаарлалтад хамаарах албан тушаалын жагсаалтыг батлан гаргах;
- Ийнхүү албан үүрэгтэй нь холбоотойгоор уул уурхайн салбарт тогтоосон тусгай зөвшөөрөл, хөрөнгө, хувь эзэмшил, үйл ажиллагааны хязгаарлалт нь албан үүргээсээ чөлөөлөгдсөний дараа тодорхой хугацаанд мөн хэрэгждэг байх;
- Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлогоос гадна зарлагыг хянах зохицуулалт бий болгож, нийтийн албан тушаалтан үндэслэлгүйгээр хөрөнгөжихөөс сэргийлэх, хуулиар тодорхойлсон албан тушаалтнууд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шууд бусаар эзэмшиж байгаа эсэхийг хянах тогтолцоо бүрдүүлэх;
- Албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа хязгаарлалт тогтоох хугацааг албан тушаалын зэрэг дэв, олборлох салбарт шийдвэр гаргах үйл явц дахь оролцооноос хамаарч ялгамжтай тогтоох;
- Дээрх хязгаарлалтын хугацаанд Хөрөнгө орлого, ашиг сонирхлын зөрчлийг хянах нөхцөлийг бүрдүүлэх. 

ЗӨВЛӨМЖ 8.
. Тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргагч, сонгон шалгаруулалтад оролцогч хуулийн этгээдийг магадлан баталгаажуулалт хийх зохицуулалт бий болгох. Үүнд:
- Тухайн хуулийн этгээдийн урьд өмнө эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн ашиглалтын түүх, үйл ажиллагаа явуулах санхүүгийн чадавх;
- Хуулийн этгээдийн өөрийн болон эцсийн өмчлөгч нарын авлига, мөнгө угаах, татвараас зайлсхийх гэмт хэрэгт холбогдож байсан эсэх түүх;
- Байгаль орчин, хүний эрх, хөдөлмөрийн гэх мэт хууль тогтоомж, стандартын зөрчил гаргаж байсан эсэхийг магадлан баталгаажуулж, хуулиар урьдчилан тогтоосон тодорхой төрлийн зөрчил гаргасан нь шүүхээр тогтоогдсон бол тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах, эсхүл “эрсдэл бүхий” гэж үзэн тусгай зөвшөөрөл олгосны дараа тусгайлсан хяналт тавьж ажиллах;
- “Эрсдэл бүхий” тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавих журам батлах;
- Хуулийн этгээдийн авлигын эсрэг бодлого, дүрэм журам бий болгох;
- Тухайн төслийг хамтран хэрэгжүүлэх хувь нийлүүлэгч, оператор, туслан гүйцэтгэгч хуулийн этгээдийн мэдээллийг бүртгэх зохицуулалт бий болгох. 

ЗӨВЛӨМЖ 9:
Ашиг сонирхлын зөрчлийг мэдээлсэн этгээд, мэдээллийн нууцыг хамгаалах эрх зүйн орчныг үндэсний хэмжээнд бүрдүүлэх, тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын хэмжээнд энэ чиглэлээр дотоод журам гарган хэрэгжүүлэх.
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:
ЗӨВЛӨМЖ 10.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар, Татварын ерөнхий газар, АМГТГ нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн бүртгэлийн хэрэгжилтийг дүгнэн, нийтэд ил тод болгох. Үүнд:
- Эцсийн өмчлөгчийн мэдээллийг хуульд заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө нөхөн бүртгүүлсэн хуулийн этгээдийн тоо, нэрс, бүртгүүлсэн огноо;
- Эцсийн өмчлөгчийн бүртгэл хийлгэсэн боловч хуульд заасны дагуу бүрэн буюу хувь хүнийг хүртэл хөөж тодорхойлоогүй, 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс хойш бүртгүүлсэн хуулийн этгээдийн тоо, нэрс, авсан хариуцлагын арга хэмжээ;
- Эцсийн өмчлөгчийн мэдээллийг одоог хүртэл бүртгүүлээгүй байгаа хуулийн этгээдийн тоо, нэрс, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ;
- Эцсийн өмчлөгчийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг мэдэгдсэн хуулийн этгээдийн тоо нэрс, өөрчлөлт орсон огноо.
НӨХЦӨЛ БАЙДАЛ: Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн бүртгэлийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээнээс харна уу (энэ мэдээллийн багцад байгаа).

ЗӨВЛӨМЖ 11.
Эцсийн өмчлөгчийн бүртгэл хөтлөх, мэдээллийн үнэн зөв байдлыг шалган баталгаажуулах, мэдээллийн сан үүсгэх үйл ажиллагаанд дүгнэлт хийж, учирч буй саад бэрхшээлийг арилгах арга хэмжээ авах.
ЗӨВЛӨМЖ 12.
Ашигт малтмал, газрын тосны газар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар, татварын албадын эцсийн өмчлөгчийн мэдээлэл авах маягтыг боловсронгуй болгож, мэдээллийн зөрүү үүсэхээс сэргийлэх. Үүнд:
- Олон улсын стандартын дагуу мэдээллийг нэг мөр жигд авах;
- Эцсийн өмчлөгч нь улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл тэдгээрийн хамаарал бүхий этгээд мөн эсэхийг тодорхойлох;
- Компанийн өмчлөлийн бүтцийн зураглалыг гаргуулах;
- Мэдээллийн үнэн зөв байдлыг хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, хуулийн хэлтэс, хуулийн ахлах мэргэжилтнээр баталгаажуулах;
- Маягтыг бөглөх журам, зааврыг гаргах.
ЗӨВЛӨМЖ 13.
Ашигт малтмал, газрын тосны газар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар, татварын албад нь эцсийн өмчлөгчийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэн, төрийн мэдээллийн “ХУР” системийг ашиглан харилцан мэдээлэл солилцох замаар эцсийн өмчлөгчийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож, мэдээллийг шуурхай, тогтмол солилцох боломж бүрдүүлэх.
ЗӨВЛӨМЖ 14.
Дээрх нэгдсэн санд цуглуулсан мэдээллийг нээлттэй өгөгдлийн форматын дагуу олон нийтэд ил тод болгох. Үүнд дараах шаардлагыг хангахад анхаарах:
- Машинаар унших, боловсруулалт, дүн шинжилгээ хийх боломжтой байх;
- Үнэн зөв байдлыг баталгаажуулах;
- Мэдээллийг тогтмол шинэчлэх;
- Тодорхой шалгуураар ангилах.
ЗӨВЛӨМЖ 15.
Тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргагч, сонгон шалгаруулалтад оролцогч хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийн бүртгэл, магадлан баталгаажуулах үйл ажиллагааг чанартай зохион байгуулахад төрийн байгууллага, албан хаагчдын чиг үүрэг, эрх хэмжээг нэмэгдүүлж, чадавхыг бэхжүүлэх.
ЗӨВЛӨМЖ 16.
Тусгай зөвшөөрөл олгох, сунгах, шилжүүлэх, барьцаалах, цуцлах шийдвэр, тухайн шийдвэр гаргасан үндэслэлийг нийтэд ил тод болгох. 
ЗӨВЛӨМЖ 17.
Олборлох салбарын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон агентлаг нь байгууллагын хэмжээнд мөрдөх ашиг сонирхлын зөрчлийг тодорхойлох, мэдүүлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл гаргах, зохицуулахад чиглэсэн тусгайлсан удирдамж, заавар, зөвлөмжийг хуульд нийцүүлэн боловсруулж, сургалт болон бусад арга хэмжээг тогтмол зохион байгуулах. 
ХОЁР. ГЭРЭЭНИЙ ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ ХҮРЭЭНД
Олборлох салбарын хуулийн этгээд нь төрийн байгууллагуудтай байгуулсан аливаа гэрээг өөрийн цахим хуудсаараа дамжуулах, цаг тухайд нь ил болгох нөхцөлийг бүрдүүлсэн байх үүргийг хүлээлгэх шаардлагатай.

ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР:
ЗӨВЛӨМЖ 18.
Эрдэс баялгийн гэрээний ил тод байдлыг хуулиар баталгаажуулах. Үүнд:
- www.iltodgeree.mn эрдэс баялгийн гэрээний мэдээллийн сан, түүний байнгын тогтвортой үйл ажиллагааг хангах, мэдээллийн найдвартай, аюулгүй байдлыг хариуцах төрийн байгууллагыг тодорхойлох;
- Гэрээний ил тод байдлыг хангах чиглэлээр төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хүлээх үүрэг, хариуцлагыг хуульчлах;
- Төрийн байгууллагаас хуулийн этгээдтэй байгуулах гэрээний жагсаалтыг тайлбарын хамт гаргаж тогтмол шинэчлэн мэдээлж байх, гэрээний үйл явцыг ил тод болгох.
ЗӨВЛӨМЖ 19.
Төрийн болон орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын худалдан авалтын ил тод байдлыг хангах чиглэлээр Шилэн дансны тухай хуулийг сайжруулах. 

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:
ЗӨВЛӨМЖ 20.
Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, үндсэн нөхцөлийг нийтэд ил болгох, бичил уурхайн гэрээг ил тод болгох.
ЗӨВЛӨМЖ 21.
www.iltodgeree.mn мэдээллийн санг олон нийтэд сурталчлах замаар хэрэглээг нэмэгдүүлж, гэрээний үр нөлөө, хэрэгжилтэд олон нийтээс хяналт хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх.

ГУРАВ. ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ ХҮРЭЭНД
ЗӨВЛӨМЖ 22.
Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагааг эрчимжүүлж, УИХ-аар хэлэлцүүлэхээр нэн даруй өргөн барих.
ЗӨВЛӨМЖ 23.
Хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагааг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу явуулж, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн санал авах ажиллагааг зохион байгуулах.
ЗӨВЛӨМЖ 24.
Хуулийн төслийг олон улсын стандарт, шаардлагад бүрэн нийцүүлж, ил тод байдлыг бүрэн, зохистой хангах нөхцөлийг бүрдүүлэх.
ЗӨВЛӨМЖ 25.
Мэдээллийг цогцоор нь ил тод болгоход харшлах нууцлалын эрхзүйг судлах, нууцлах мэдээллийг тодорхойлж эцсийн өмчлөгч, гэрээ, төрийн байгууллагын шийдвэр зэргийн ил тод байдлыг бүрэн хангахад төр, хувийн хэвшлээс хэрэгжүүлэх шаардлагатай зөвлөмж боловсруулах.
ЗӨВЛӨМЖ 26.
Олборлох салбарын холбогдох шийдвэрийг тогтмол ил болгох.
ЗӨВЛӨМЖ 27.
Тайлагнах, мэдээлэх, ил тод байдлыг хангах үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлээгүй хуулийн этгээдийг олон нийтэд мэдээлэх.
ЗӨВЛӨМЖ 28.
Төрийн байгууллагын хариуцах албан хаагчийг томилуулах, ажил үүргийн хуваарьт тусгах.
ЗӨВЛӨМЖ 29.
ОҮИТБС-ын Стандартын хэрэгжилтийг арилжааны банк, санхүүгийн байгууллагын шалгуур үзүүлэлт болгох нөхцөлийг судлах.
ЗӨВЛӨМЖ 30.
Монгол Улсын нэгдэн орсон Нээлттэй засаглалын түншлэл зэрэг олон улсын бусад санаачилгатай хамтран ажиллах.
ЗӨВЛӨМЖ 31.
Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль эрхзүйн орчин бүрдтэл Засгийн газрын тогтоолыг боловсронгуй болгох, УУХҮ-ийн сайдын тушаалаар зарим зохицуулалтыг бий болгох.