ОҮИТБС-ын стандарт 2016 онд шинэчлэгдсэнээр санаачилгад нэгдэн орсон улс орнууд 2020 гэхэд эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа аж ахуйн нэгжүүдийнхээ “ашиг хүртэгч жинхэнэ эзэд”-ийн мэдээллийг ил тод болгох үүргийг хүлээгээд байна.
Ашиг хүртэгч жинхэнэ эздийн ил тод болгох асуудлыг Стандартын шаардлага 2.5-д дэлгэрэнгүй тодорхойлсон байна.
Олон талт ажлын хэсгээс энэ зорилтыг хэрэгжүүлэхээр 2016 оны 4-р сарын 22-нд ажлын дэд хэсгийг дараах байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулсан юм.
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
- Хууль зүй, дотоод хэргийн яам
- Татварын ерөний газар
- Ашигт малтмал, газрын тосны газар
- Үндэсний статистикийн хороо
- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар
- Санхүүгийн зохицуулах хороо
- Монгол банк
- Нээлттэй нийгэм форум
- Хил хязгааргүй алхам ТББ
- Хөвсгөл далайн эзэд ТББ
- Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн
- Эрдэнэс Монгол ХХК
- Энержи ресурс ХХК
- Бороо гоулд ХХК
Замын зураг
Тус дэд хэсгээс Ашиг хүртэгч жинхэнэ эздийн мэдээллийг ил тод болгох Замын зургийн төслийг боловсруулж Үндэсний зөвлөлийн 2016 оны 12-р сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, 2017 оны 12-р сарын 21-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан.
Замын зурагт 2020 он хүртэл хэрэгжүүлэх 32 үйл ажиллагааг 7 зорилтын хүрээнд төлөвлөсөн. Замын зургийг эндээс татаж авна уу.
2017 оны зорилт
- Зорилт 1: Бенефициар өмчлөгчийн ил тод байдлыг үндэсний бодлоготой уялдуулна. Тухайлбал, Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийн уулзалт зохион байгуулах, УИХ-ын холбогдох байнгын хороонд төлөвлөсөн ажлаа танилцуулах, сонсгол зохион байгуулна.
- Зорилт 2: Бенефициар өмчлөгчийн ил тод байдлын талаарх институтийн хүрээг тодорхойлно. Тухайлбал, төрийн байгууллагуудад семинар зохион байгуулж, хуулийн ажлын хэсэг байгуулж, холбогдох хуулиудад болон Засгийн Газрын 222 тоот тогтоол, ОҮИТБС-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.
- Зорилт 3: Нэр томьёо, тодорхойлолт, материаллаг босго, тайлагналын хугацаа, үечлэлийг тогтооно. Тухайлбал, судалгаа хийж, ОТАХ-т цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж, Үндэсний зөвлөлийн хуралдаанд үр дүнг танилцуулна.
- Зорилт 4: Бенефициар өмчлөгчийн мэдээллийн ил тод байдлыг бүрэн хангах үүднээс ОҮ-ийн компани нь улс төрд нөлөө бүхий этгээдийн эзэмшилд байгаа эсэх мэдээллийг бүрэн тайлагнана. Тухайлбал, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн маягтыг шинэчилнэ.
- Зорилт 5: Компаниудын дунд хэлэлцүүлэг, иргэний нийгмийн байгууллага, эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сургалт, урамшууллын тогтолцоо, хэлэлцүүлэг гэх мэт нөлөөллийн ажил зохион байгуулна.
2018 оны зорилт
- Зорилт 6: Бенефициар өмчлөгчийн мэдээллийг туршилтаар цуглуулах, мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулах зорилгоор төрийн байгууллага, агентлагуудын мэдээллийн системд холбогдох, мэдээлэл солилцох тухай холбогдох журам маягтыг шинэлэх.
2019 оны зорилт
- Зорилт 7: Бенефициар өмчлөгчийн мэдээллийн ил тод байдлыг ОҮИТБС-ын 2018 оны нэгтгэлийн тайланд тайлагнаж олон нийтэд нээлттэй хүргэх.
Нээлттэй нийгэм форумаас хийсэн судалгаа
Нээлттэй нийгэм форум ТББ-аас Ашиг хүртэгч эздийн мэдээллийг ил тод болгох арга замыг тодорхойлох зорилгоор судалгаа хийлгэсэн. Энэхүү судалгаагаар өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж болон аж ахуйн нэгж, хөрөнгө, эрхийн бүртгэлийн тогтолцоонд үнэлгээ хийж эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч компаниудын “ашиг хүртэгч жинхэнэ эзэд”-ийн бүртгэл мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, ил тод болгоход авч хэрэгжүүлэх арга хэмжээний Зөвлөмжийг боловсруулсан. Судалгааны дэлгэрэнгүйг эндээс татаж авна уу.
Ашиг хүртэгч жинхэнэ эздийн мэдээллийг тайлагнаж буй байдал
Монгол Улсын хувьд 2013 оноос эхлэн ОҮИТБС-ын тайлангийн тулган баталгаажуулалтад хамрагдаж буй компаниудын ашиг хүртэгч эздийн мэдээллийг ил тод болгон мэдээлэхээр ажилласан.
2013 оны нэгтгэл тайланд нийт 250 компаниас тухайн компаний 5 болон түүнээс дээш хувийн эзэмшиж буй хувьцаа эзэмшигчдийн мэдээллээ ил тод болгохыг хүссэнээс 215 нь мэдээллээ өгсөн. Энэхүү мэдээллийг дүрсжүүлэн үзүүлснийг эндээс, жагсаалтыг эндээс татаж авч үзнэ үү.
2014 оны нэгтгэл тайланд хамрагдсан компаниудаас бенефициар өмчлөгчийн мэдээллээ ил тод болгохыг хүсч холбогдох маягтаар мэдээлэл цуглуулсан. Мэдээлэл цуглуулахдаа ОҮИТБС-ын олон улсын нарийн бичгийн дарга нарын газраас гаргасан загвар маягтыг өргөтгөн ашигласан бөгөөд эзэмшлийг 3 түвшинд авч үзсэн онд нийт 236 компаниас 30 компани хувьцаа эзэмшигчдийн мэдээллээ ирүүлж, 6 компанийн эцсийн өмчлөгч ил тод болсон. Мэдээллийг эндээс татаж авна уу.
2015 оны нэгтгэл тайланд хамрагдсан 202 компаниас дээрх мэдээллийг хүссэн бөгөөд 51 компани мэдээллээ ирүүлсэн байна. Мэдээллийг эндээс үзнэ үү.
Ашиг хүртэгч эздийг ил тод болгох ажлын төлөвлөгөө (Замын зураг)
Ашиг хүртэгч эзэд - 2013 оны тайлангийн мэдээлэл
Ашиг хүртэгч эзэд - 2014 оны тайлангийн мэдээлэл
Ашиг хүртэгч эзэд - 2015 оны тайлангийн мэдээлэл
Ашиг хүртэгч эзэд - 2016 оны тайлангийн мэдээлэл